Pages

Friday, January 10, 2014

“СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ НЬ



“СУМ ХӨГЖҮҮЛЭХ САН”-ГИЙН ЗЭЭЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ НЬ

ШУТИС-ийн НТС-ийн Нийгмийн Ажлын Профессорын багийн
ахлах багш, магистр Т.Оюунбилэг
oni_5523@yahoo.com

Оршил

Хөдөлмөрийн яам “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг 2011 оны Засгийн газрын 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын дагуу олгож эхэлсэн байна.
Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор  Хөдөлмөрийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/69, 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/38 тоот тушаалаар 2012, 2013 оны “Сум хөгжүүлэх сан”-ийн эх үүсвэрийг тус тус хуваарилж, төрийн сангийн дансаар дамжуулан сумдад хүргэсэн байна.
2013 онд 2011 оны зээлийн эргэн төлөлтөөс 2,1 тэрбум, 2012 оны санхүүжилтээс 20,8  тэрбум төгрөг, 2013 оны санхүүжилт 24,0 тэрбум төгрөг нийт 46,8 тэрбум төгрөгийн санхүүжилт төвлөрсөнөөс 4599 төслийг сонгон шалгаруулж, 22.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Үүний үр дүнд 6075 ажлын байр шинээр бий болж, 4387 ажлын байр хадгалагдсан байна. Сум хөгжүүлэх сангийн 2013 оны зээл олголт 48,7% байгаа юм байна[1].
Тус зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд  Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг шинэчлэх, уг зээлийн тухай мэдээллийг олон нийтэд хүргэх, төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулах талаар анхаарч ажиллах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсаны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Хөдөлмөрийн сайд, Авилгатай Тэмцэх Газрын даргын хамтарсан А/66, А/33 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна.
Энэхүү ажлын хэсгийн тайланд анализ хийж үзэхэд
-  Сум хөгжүүлэх сангийн зээл нь орон нутагт хэрэгтэй, эрэлт ихтэй боловч, иргэдэд зээлийн мэдээлэл хүрдэггүй, сонгон шалгаруулалт шударга бус явагдаж байгаа тухай гомдол 1111 төвд ирсээр байна, 
-  Сумын засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хуулийн дагуу байгуулагдахгүй, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, 
-  Сумын хөгжлийн бодлого, сумын засаг даргын мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа эсэх нь тодорхойгүй
-  Сумын ИТХ-аас Хяналтын зөвлөл байгуулан зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой боловч, ИТХ-ийн төлөөлөгчид нь Төсөл сонгон шалгаруулах зөвлөлд “иргэний төлөөлөл” болон орох явдал их байна.
Энэ мэтчилэн аймаг тус бүр аудитын шалгалт хийж. иргэдийн гомдол саналыг 1111 шууд утсаар авч байгаа боловч хяналт шалгалт үнэлгээний мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх, хариу арга хэмжээ авах байдал дутагдалтай байна. Иймд сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд нэгдсэн дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага тулгамдаж байгаа билээ.
Энэхүү илтгэлийн зорилго нь сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд явцын үнэлгээ хийж, уг зээлийн төслийн үр дүн, үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх арга замыг эрж хайхад оршино.
Үнэлгээний судалгааны үзэл баримтлал: Энэхүү зээлийн төслийн хэрэгжилтийг үнэлэхдээ
·         оролцоонд суурилсан үнэлгээ
·         давуу тал, нөөц боломжид суурилсан чадваржуулах практик
·         хүний хөгжил, хувь хүний сайн сайхан амьдрал үзэл баримтлалыг үндэслэлээ болгосон[2].
Үнэлгээний судалгааны мэдээлэл цуглуулах аргууд: Энэхүү судалгааны мэдээллийг тоон ба чанарын судалгааны аргуудыг хослуулах замаар цуглуулах нь илүү үнэн бодитой мэдээлэл цуглуулах боломжийг нэмэгдүүлсэн. Фокус ярилцлага, кейс судлах, SWOT шинжилгээ, хөтөлбөрийн логик үнэлгээний загвар, баримт бичиг судлах аргуудыг судалгааны явцад зайлшгүй хэрэглэх шаардлагатай байсан.
Судалгааны аргуудын давуу болон сул тал
Хүснэгт 1
Арга
Ерөнхий зорилго
Давуу тал
Сорилтууд
Кейс/тохиолдол судлал
 Судалгаанд оролцогсдын туршлагыг бүрэн бүтэн, цогцоор ойлгох, кейсүүдийг харьцуулан судлах замаар цогц шалгалтыг явуулах
- асуудлын бүхэл бүтэн дүр зургийг гаргах
- асуудлын тухай гадны хүмүүст цогц зургийг гарган харуулах
- оролцогсдыг цуглуулах, зохион байгуулах, тодорхойлон гаргахад цаг их зарцуулдаг
- Өргөн хүрээний мэдээлэл гэхээс илүү гүнзгий мэдээллийг гаргадаг
Ярилцлага
Хэн нэгэн хүний санаа бодол, туршлагын тухай мэдэх, мөн асуулгаар өгсөн хариултыг илүү дэлгэрүүлж мэдэхийг хүссэн үед хэрэглэх
- мэдээллийг гүнзгийрүүлэх, өргөн хүрээний цогц болгох
- Судалгаанд оролцогсодтой харилцаа бий болгох
- тэдэнтэй уян хатан харилцах
- их цаг зарцуулах
- мэдээллийг задлан шинжлэх, харьцуулахад хүндрэлтэй байх
- өртөг зардал ихтэй
- ярилцлага хөтлөгч оролцогсдын хариултанд нөлөө үзүүлэх боломжтой
Фокус бүлгийн ярилцлага
Бүлгийн ярилцлагын тусламжтайгаар тодорхой сэдвийг илүү тодорхой, гүнзгийрүүлэн тодруулах, тухайлбал, нийтлэг байгаа асуудлыг ойлгох, хариу үйлдлийг танин мэдэх гэх мэт.
- нийтлэг санал бодол, сэтгэгдлийг хурдан найдвартайгаар авах
- богино хугацаанд илүү гүнзгий, өргөн хүрээний мэдээлэл авах үр дүнтэй арга
- асуудлын тухай түлхүүр, гол мэдээллийг авах боломжтой
- хариултанд анализ хийхэд хүндрэлтэй
- аюулгүй болон мэдээллийн нууцыг хадгалах үүднээс сайн судлаач хэрэгтэй байдаг
- 6-8 хүнийг нэг доор авчирч, ярилцлага авахад хүндрэлтэй
Баримт бичгийн шинжилгээ;
Хөтөлбөрийн үйл ажиллагаанд ямар нэгэн саад учруулахгүйгээр уг хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг мэдэх шаардлагатай үед хэрэглэх
-          түүхэн болон цогц мэдээлэл авах
-          хөтөлбөрийн үйлчлүүлэгчидийн үйл ажиллагаа, хөтөлбөрт ямар нэгэн саад болохгүй
-          бий болсон бэлэн мэдээлэл
-          мэдээлэлд хэн нэгний ямар нэгэн нөлөө их бага
-          ихэвчлэн маш их цаг зарцуулна
-          мэдээлэл бүрэн гүйцэд бус
-          юу хайж, мэдэхийг хүсэж байгаагаа урьдаас илүү сайн тодорхой болгох
-          мэдээлэл цуглуулах уян хатан бус аргуудын нэг; одоо байгаа мэдээллээр хязгаарлагдах



Үндсэн хэсэг
Хүн амын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд
Монгол улсын хүн амын ядуурлын түвшин 29,8 хувь, ажилгүйдлийн түвшин 3,5 хувь, хүний хөгжлийн индекс 0,7 байна. Өмнөх онуудтай харьцуулахад ажилгүйдэл, ядуурлын түвшин буурах хандлагатай, хүний хөгжлийн индекс тогтвортой байна[3] /график 1,/.
Ажилгүйдэл, ядуурлын түвшин
График 1
Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан тооцоогоор 2012 онд ядуурлын хамралтын хувь улсын дунджаар 27.4, хотод 23.2, хөдөөд 35.5 болж өмнөх онуудаасаа буурсан үзүүлэлттэй байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2013 оны 5 дугаар сарын эцэст 40.5 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 17.6 мян.хүн буюу 30.3 хувиар буурчээ[4].
Ажилгүйдэл, ядуурлын түвшингийн бууралтанд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн жижиг, дунд үйлдвэрийгдэмжих хөтөлбөр, Тогтвортой амьжиргаа төсөл, сум хөгжүүлэх сангийн зээл гэх мэт төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт зохих ёсоор нөлөөлсөн байна. 
Суманд үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийг дэмжих, тэдэнд бага хүүтэй банкны шаардлагаас гадуур зээл олгох, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг зорилготой Сум хөгжүүлэх сангийн зээл хэрэгжилтийн дүнд 6075 ажлын байр шинээр бий болж, 4387 ажлын байр хадгалагдсан байна. Одоогийн байдлаар 72 тэрбум төгрөгний зээл олгоод байгаа  юм байна.

Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийг үнэлсэн нь:

Энэхүү зээлийн төслийг үнэлэхдээ
·         үр дүнгийн шалгуур үзүүлэлтийн
/орц-үйл явц-бүтээгдэхүүн-завсрын үр дүн-эцсийн үр дүн/,
·         логик үнэлгээний загвар
/ АСУУДАЛ- ЗОРИЛГО - ЗОРИЛТ - ХӨТӨЛБӨРИЙН ОРЦ - ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - БОГИНО ХУГАЦААНЫ ҮР ДҮН - УРТ ХУГАЦААНЫ ҮР ДҮН /
гэсэн 2 загварыг харьцуулсан байдлаар хэрэглэсэн. Энэхүү зээлийн төсөл нь хэрэгжих шатандаа явж байгаа тул орц-үйл явц-бүтээгдэхүүн-завсрын үр дүн гэсэн шалгуураар үр дүнг үнэлсэн болно.
Хүснэгт 2
Үр дүнгийн шалгуур
Хэрэгжилт
Орц
Хөдөлмөрийн яам , Жижиг, дунд үйлдвэрийн газар, Сангийн яам, Төрийн сан, Арилжааны банкууд, Аймаг, сумдын ЗДТГ, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Амьжиргааг дэмжих зөвлөл зэрэг төрийн албан байгууллагын дарга, мэргэжилтнүүд, тэдгээрийн харъяа байр, техник тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслүүд
Нийт 72 тэрбум төгрөгний санхүүжилт хийгдээд 330 суманд хүн амын тооноос хамааруулан 100-265 сая төгрөг хуваарилсан.
Эргэн төлөлт нь 2013 оны нэгдүгээр улирлын байдлаар 10 тэрбум төгрөг.
Зээлийн нөхцөл: гурван жилийн хугацаатай, жилд гурван хувийн хүүтэй,  их барьцаа хөрөнгө шаардахгүй.

Үйл явц
Иргэд ажлын байр бий болгох төсөл боловсруулах
Төсөл сонгон шалгаруулах зөвлөлийг засаг дарга ахлан иргэдийн нээлттэй хэлэлцүүлгээр сонгон шалгаруулна.
Иргэдэд олгосон төслийн хэрэгжилтэд иргэдийн хурал, засаг дарга хяналт тавьж ажиллана.
Иргэдийн зээлийн эргэн төлөлтийн мэдээ гаргах, хянах
Бүтээгдэхүүн
Цагаан идээ боловсруулах, тахиа үржүүлэх, сүү үйлдвэрлэх, эсгий урлал, морин хуур үйлдвэрлэх, ариуйн цэврийн цаас үйлдвэрлэл, цаасан уутны үйлдвэрлэл гэх мэт олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Завсрын үр дүн
Шинээр 6075 ажлын байр, 4387 ажлын байр хадгалагдаж байна.
Зээлийн эргэн төлөлт зохих журмын дагуу хийгдэж байна.


Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй хүндрэлүүд

Орц ба хүндрэл бэрхшээл

1.    Зээлийг хуульд заасан журмын дагуу олгохгүй байна.

... 2011 онд тус суманд хуваарилан ирүүлсэн 260 гаруй төгрөгийн сангаас 21 иргэн, гурван аж ахуйн нэгж санхүүжилт авснаас хүнсний худалдааны бөөний төв барих 49,9 сая төгрөгийн зээлээр гүйцэтгэх ажил гэрээнд заасан шаардлагыг хангаагүй тул үйл ажиллагааг нь зогсоогоод удаж байна. Мөн төмс, хүнсний ногоог усалгаатайгаар тариалах аж ахуй байгуулах хүсэлтийг нь дэмжин 20 сая төгрөгийн зээл олгосон ажил эхэлсэн эсэх нь тодорхойгүй, түлшний нэгдсэн зах, сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан борлуулах, блок, тоосго, явган хүний замын хавтан үйлдвэрлэх, оёдлын цех ажиллуулахаар 3,6-6 сая төгрөгийн зээл авсан иргэд ажлаа цаг хугацаанд нь эхлээгүй, санхүүжилтийг зориулалтаар зарцуулаагүй, эргэн төлөлтийг бүрэн гүйцэт хийлгүй явж иржээ.
Энэ б
үхэн бол Сум хөгжүүлэх сан-гийн дэмжлэгийг бодитой ажил үйлдвэрлэл эрхэлж ар гэр, аймаг орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах чин хүсэл тэмүүлэлтэй бүтээлч хүмүүсийн урдуур орж зээлийн санхүүжилтээр буруу замаар будаа тээж амташсан зарим иргэний зальхай оролдлого хэмээн олон нийт дургүйцэж байна.
                                                                                                                                                Булган аймаг

Шигтгээ 1
2.    Сум хөгжүүлэх сангийн зээл нь орон нутагт хэрэгтэй, эрэлт ихтэй боловч, иргэдэд зээлийн мэдээлэл хүрдэггүй, сонгон шалгаруулалт шударга бус явагдаж байгаа тухай гомдол 1111 төвд ирсээр байна.
Шигтгээ 2
Сайн байна ууи төв аймаг архуст сумын иргэн байна. Би гомдолтой байна. Сум хөгжүүлэх сангаас зээл олгож байна гэсэн мэдээ сонсоод аавтайгаа цуг сум орон нутагтаа тогтвортой ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор төсөл бичиж өгсөн боловч даанч олгосонгүй.  88758059 96630194

1111 шууд утсанд ирсэн дуудлага



Үйл явц ба хүндрэл
1.    Мөн сумын засаг даргаар ахлуулсан төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь хуулийн дагуу байгуулагдахгүй, зөвлөлийн гишүүд нь ашиг сонирхлын зөрчилтэй, гол төлөв танил тал, ах дүүдээ зээл өгдөг байна.  ИТХ-аас Хяналтын зөвлөл байгуулан зээлийн хэрэгжилтэнд хяналт тавих ёстой боловч, ИТХ-ийн төлөөлөгчид нь Төсөл сонгон шалгаруулах зөвлөлд “иргэний төлөөлөл” болон орох явдал их байна.
Ямар ч тооцоогүйгээр, танил талдаа өгчихсөн нь түгээмэл байна. Яах вэ, эргэн төлөлт бол гайгүй байна. Энэ чинь жилийн гуравхан хувийн хүүтэй зээл шүү дээ. Махны ченжид энэ мэтээр нь өгчихсөн нь нийтлэг байна. Арван сая төгрөгөөр нь мал худалдаж авч нядлаад, мах болгож зарах бизнестээ л зээл авч. Гэтэл үүний ард ажлын байр нэмэгдэж байгаа зүйл алга, сумын хөгжилд хувь нэмэр оруулаад байх зүйл ч алга. Жишээ нь, Ханбогд суманд хими цэвэрлэгээ байгуулна гэж нэг төсөл үзүүлж 10 сая төгрөг авчихаад дахиад өнөө төслөө барьж яваад мөн л 10 саяыг гаргуулчихсан байна. Хоёр зээл дунд нэг л бизнес байна гэсэн үг. Мөн халуун усны газар байгуулна гэж зээл авдаг юм байна. Ханбогд дээр гэхэд, зээлийг шалгаруулдаг комиссынх нь нарийн бичгийн даргын төрсөн ах халуун ус байгуулна гэж арван сая төгрөг аваад долоон саяаар нь худаг гаргачихаад, гурван саяаар яаж халуун усны газар барих билээ гээд сууж байна.
АТГ-ын хяналт шалгалтын дүнгээс

2.    Зээлийн мэдээ буюу хэрэгжилтийн тайлан хангалтгүй бичигддэг.
Холбогдох яам, газруудын үйл ажиллагааны тайлангаас харахад Говь-Алтай аймгийн Жаргалан, Увс аймгийн Давст, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Цэцэрлэг, Архангай аймгийн Хашаат зэрэг 6 сум мэдээгээ ирүүлээгүй.
Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 10 аймгийн зээлийн мэдээ дутуу буюу алдаатай байгаа аж.
3.    Зарим сумдад 2012-2013 онуудын зээл олгогдоогүй байна. Шалтгаан нь:

·         Оны төгсгөлд СХС-ын зээл олголт удааширахад нөлөөлсөн.
·         Орон нутгийн сонгуультай холбоотойгоор сумын удирдлага солигдсон.
·         Төсөл шалгаруулах зөвлөл байгуулагдан, төслийг хүлээн авч судлаж байна.
·         Иргэдийн бичиг баримт бүрдүүлэх ажил удаашралтай байна.
·         Сум хөгжүүлэх сангийн төсөл шалгаруулах зөвлөл байгуулагдаагүй.
·         Сумын засаг дарга авилгалтай тэмцэх газарт шалгагдаж байгаа учир төрийн сан нь хаагдсан байна.
Завсрын үр дүн ба хүндрэл
1.    330 сумдад олгосон зээлийн хэмжээ болон зээлийн зориулалт, хэрэгжилт, гүйцэтгэлийг нэгдсэн байдлаар гаргах боломжгүй байгаа нь тухайн зээл зохих журмын дагуу олгогдоогүй, ил тод нээлттэй хэлэлцүүлгээр сонгон шалгаруулалт явагдаагүй гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна.
2.    Тухайн зээлийн төслийн үр дүнг тоон үзүүлэлтээр л харж болохоор байгаа нь чанарын буюу иргэдийн ажил эрхлэлт, амьжиргаанд гарсан өөрчлөлт, төслийн үр шимийг хүртэгсдийн дуу хоолой, санал бодолд дүн шинжилгээ хийх боломжийг хязгаарлаж байна.
Төв аймгийн Сүмбэр сумын орон нутгийн залуучуудын бүлэгтэй хийсэн ярилцлагаас
Асуудал
Эрэмбэ
Шалтгаан
Эрэмбэ
Арга зам
Эрэмбэ
Нөөц боломж
Ажилгүйдэл
Архидалт
Гэр бүлийн маргаан
Цагдаа нар байнга буруутгадаг
Сумын удирдлага, нийгмийн ажилтан хүлээж авдаггүй
1
Ажлын байр байхгүй
Намчирхдаг
Танил талаараа ажлаа явуулдаг
Иргэдийн дуу хоолойг сонсдоггүй
Захиргааны ажилтнууд ажлаа хариуцлагатай хийдэггүй
Мэдээлэл хомс
1
Хувиараа хөдөлмөр эрхлэх
Сум хөгжүүлэх сангийн зээлийг шударгаар олгох
Барьцаа хөрөнгөө нэгтгэх, хорших



Мэргэжлийн үнэмлэхтэй/цахилгаанчин, оёдолчин, үсчин, гуталчин, тогооч/
Суманд 2 давхар ашигладаггүй байшин байгаа
Ажлын чадвартай
Төсөл бичих туршлагатай хүн 1 байгаа














Уг оролцоонд түшиглэсэн үнэлгээний болон давуу талыг илрүүлэх ярилцлагад 8 залуучууд хамрагдсан бөгөөд дараах нэмэлт мэдээллийг нээлттэй байдлаар өгсөн болно. Үүнд
·         Сум орон нутгийн удирдлагууд намчирхах хандлагатай.
·         Ажил үүргээ шударга, ил тод явуулдаггүй. Тухайлбал ажилгүй залуучуудад мэдээлэл өгдөггүй, тэдний санал бодлыг сонсдоггүй.
·         Сум хөгжүүлэх сангийн зээлийн танил талдаа олгодог. Зээлтэй хүмүүс давхардуулан зээл олгодог байна. Тухайлбал 5 га ногооны талбайтай, 2 үнээтэй залуу үнээ нэмж авч фермер болох зорилготой зээл бичсэн ч нээлттэй шалгаруулалт хийгээгүй бөгөөд 190,000 төгрөгний банкны зээлтэй, барьцаа хөрөнгө хүрэхгүй шалтгаанаар зээл олгоогүй байна. Гэвч банкинд 5,000,000 зээлтэй хүнд зээл олгосон байгаа юм.
Дүгнэлт
1.    Сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл зорилгоо хангахуйц үр дүнд хүрэхгүй байх хандлагатай байна.
2.    Иргэдийн санал санаачлага, оролцоо, хөндлөнгийн хяналт хангалтгүй түвшинд байна.
3.    Тус зээлийн төслийн шалгаруулалт, хэрэгжилт, төслийн эргэн төлөлтийн тайланг нэгтгэж ил тод мэдээлэх байдал хангалтгүй байна.
4.    Хуулийн хүрээнд хариуцлага тооцох механизм сул байна.
5.    Иргэдийн гомдол саналын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй байна.
1111 нээлттэй утас ажиллаж байгаа ч төрийн үйлчилгээтэй холбоотой бүхий л санл хүсэлтийг авдаг тул тухайн зээлтэй холбоотой гомдлыг ялгаж дүн шинжилгээ хийхэд хүндрэлтэй байна.
Санал зөвлөмж
1.    Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг ил тод мэдээлэх /web, online хэлэлцүүлэг, зөвхөн тухайн зээлтэй холбоотой санал гомдол авах өөр шууд утас ажиллуулах, нэгдсэн мэдээллийн сан бий болгох/
2.    Холбогдох яам, газруудаас хяналт шалтгалт хийгдээд байгаа ч хариуцлага тооцох механизмыг боловсронгуй болгох
3.    Хөндлөнгийн хяналтыг сайжруулахын тулд төрийн бус байгууллага, болон иргэдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих
4.    Иргэдийн боловсрол, чадвар чадамжийг нэмэгдүүлэх сургалт,  нөлөөллийн ажлыг зохион байгуулах


Ашигласан материал
1.      Royse, D., Thyer, B., Padgett, P., & Logan T. (2001). Program evaluation: An introduction, 3rdEdition. Belmont, CA: Brooks/Cole. (Chapters5). Formative and Process Evaluation,  pp 108-149.
2.     A Companion Piece to Communities in Action: A Guide to Effective Projects (605A). Community Assessment Tools
3.     Хяналт шинжилгээ хийх арга зүй. Гарын авлага. 2010
4.     Жижиг дунд үйлдвэрлэлийн дэмжих бодлого. 2005-2012
5.     Сум хөгжүүлэх сангийн зээлийн бодлого. 2011-2013
6.     Сум хөгжүүлэх сангийн зээлийн хэрэгжилтэнд хийсэн хяналт шинжилгээний тайлан, 2012
7.     www.11-11.mn
8.     www.nso.mn
9.     www.mol.gov.mn




[1] ЖДҮХГ-ын дарга Б.Бат-Амгалангийн хэвлэлийн бага хурал дээр хийсэн мэдээлэл
[2] Androw Marta. Хувь хүний сайн сайхан амьдралын загвар
[3] Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам. Хүн ам, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн үзүүлэлтүүд, 2012
[4] www.nso.mn